Баасан, 9 сар 29, 2023

БНХАУ-д саатуулагдсан иргэд хуучин пасспортоор тийз захиалаад шинээрээ нэвтрэх гэсний улмаас зөрчил гарчээ

Шинэ цахим гадаад пасспорт авсан хоёр иргэн БНХАУ руу зорчих үеэрээ хил зөрчигч болсон, энэ нь цахим гадаад пасспортын мэдээллийг УБЕГ-аас гадаадын улсад илгээгүйгээс болсон хэмээн фэйсбүүкт өчигдөр нийтэлсэн. Тодруулбал, дээрх иргэд “Монгол Улсын гадаад пасспорт ийм загвартай боллоо шүү, сери дугаар нь ийм боллоо шүү гэдгийг бусад улс орон руу мэдэгдээгүйгээс болж олон цагийн турш байцаагдаж хил зөрчигч болох шахлаа. Хилээр орж ирсэн пасспортын дугаар, үзэсгэлэнгийн мандатад бүртгүүлсэн дугаарын сери дээр E болон PE гэсэн үсэг зөрүүтэй байгааг Хятадын гадаадын иргэн харьяатын газар тэр дор нь илрүүлчихэж. Бүр эрэн сурвалжилж байгаад үзэсгэлэн дээрээс хоёр мөрдөн байцаагч таван цагдаагаар бүслүүлэн баривчлагдлаа. За тэгээд пасспорт гаргаад ирсэн үзэж хараагүй паспорт байна л гэж байна. Улмаар хуурамч бичиг баримтаар хил нэвтэрсэн гэж үзэн нэлээн удаан шалгалаа. Ёстой хэлтэй, Хятадад хуулийн сургууль төгссөн тулдаа л хэл амаа зөв ойлголцож, учир начираа тунгаалцаж, албаны сайт дээрх мэдээг харуулж, ярьж, учирлаж байж суллагдах. Хэлгүй нутаг нэгтнүүд маань ингэж баригдсан бол яах байсан бол гэж бодохоос аймар. Муу найзыг маань бүлтэлзүүлээд бүсэлчихсэн, гар хөлнөөс нь зулгаачихсан эвгүй байхад нь л гүйж очлоо. Ер нь энэ шинэ загварын паспортоос болж гадаадад аялаж буй цөөнгүй Монголчуудад маань нэг бус асуудал тулгарч байна. Паспорт захиалчихаад хэвлэгдэхээс өмнө тийз, мандат захиалгаа хийсэн олон хүмүүс байна. Тэд нар бүгд И-МОНГОЛИА лавлагаагаараа захиалсан. Манай хоёр ч ялгаагүй. Лавлагаан дээр E серитэй гарч ирчихээд яг хэвлэгдэхдээ PE серитэй гарч ирснээс болж бидэнтэй нэг нислэгээр Хөх хотоос нисэх байсан долоон монгол иргэн онгоцондоо сууж чадалгүй үлдсэн. Хувь иргэний хариуцлага бус, төр засгийнхаа эс үйлдэхүй, гадаад дотоод харилцаагүй байдал, дотоод зохион байгуулалтгүй байдлаас болж монголчууд хүний нутагт хохирч байна” гэсэн юм.

Энэ талаар холбогдох албаны эх сурвалжуудаас тодрууллаа. 

ГХЯ: ГАДААД ПАССПОРТ ШИНЭЧИЛСЭН ТАЛААР БҮХ УЛСАД МЭДЭГДСЭН

Гадаад харилцааны яамнаас тодруулахад “пасспорт шинэчилсэн мэдээллийг олон улсын иргэний агаарын байгууллага болон гадаадын улсуудад мэдэгдсэн. Манай гадаад пасспорт нууцлалын зэрэглэл багатай, зарим улсын гааль дээр чип нь уншдаггүй тохиолдол гардаг байсан. Харин сүүлд гарсан цахим пасспорт нууцлалын зэрэг өндөр, хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан. Мөн гадаад паспорт шинэчлэгдсэн мэдээллийг гаднын холбогдох байгууллагад өгсөн. ГХЯ дээр шинэчилсэн паспорттой холбоотой гомдол ирээгүй” гэлээ. Тиймээс пасспортын шинэчлэлтэй холбоотойгоор ноот бичиг илгээгүйгээс болж, саатуулагдсан тохиолдол байхгүй бөгөөд иргэдээс гомдол ирээгүй гэдгийг онцолсон юм.

УБЕГ: ТУХАЙН ИРГЭД ХУУЧИН ПАССПОРТООРОО ТИЙЗ ЗАХИАЛСАН БАЙСАН

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр цахим хуудаст мэдээлэл нийтэлсэн иргэд тийзээ захиалахдаа хуучин өөр дээр байсан E дугаараараа захиалсан байжээ. Тус газраас “Тухайн иргэн эндээс явахдаа лавлагаагаа хуучин E сери дээрээ аваад явчихсан хүмүүс юм билээ. Харин PE серийн хувьд Гадаад харилцааны яамнаас пасспортын шинэчлэлийн талаар мэдээллийг улс орнууд руу илгээсэн. Хэрвээ хүчингүй байсан бол огт хил нэвтрэхгүй шүү дээ. Хил нэвтрээд явж байхад үүсэн асуудал байгаа юм. Үүсээд байгаа асуудлаар хувь иргэнтэй холбогдсон. Тухайн иргэд гадаад пасспортоо захиалчихаад тийзээ захиалсан гээд байгаа юм. Гадаад пасспорт захиалаад энд хэвлэгдсэн тохиолдолд PE сери нь пасспортод бичигдэж явдаг. Гэтэл энэ хүмүүс хуучин E сери дээрээ тийз болон бичиг баримтуудаа захиалж, лавлагаа авсан. Уг нь хэвлэгдсэн л бол хуучин E серийн пасспорт хүчингүй болж шинэ PE сери нь мэдээллийн санд орж ирдэг. Манайх тухайн хүмүүстэй холбогдож байгаа. Ямар учраас Монгол Улсын иргэний баримт бичгийг хуурамч гэж олон нийтэд түгээсэн болохыг холбогдож, шийдвэрлэнэ” гэв.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН