Монгол Улсын төсвөөс ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий матeриалыг цуглуулснаа АТГ болон Улсын eрөнхий прокурорын газарт хүлээлгэн өгч буй талаараа өнөөдөр мэдээллийн зарим сайтын сэтгүүлчид мэдээлэл хийсэн.
Тэгвэл үүний хариу тайлбар болгож, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг шалгуулж болно. Хардаж, шүгэл үлээж болно. Гэхдээ хамгийн гол нь захиалгатайгаар хүн гүтгэж болохгүй. ЗТХ-ийн сайд болсноос хойш иргэний агаарын тээврийн зарим компаниудад давуу эрх олголоо гэсэн байна. Харин ч урьд нь хаалттай байсан нислэгийн томилгоонуудын либералчилсан. Хоёрхон компани нисдэг байсныг нэг болгосон бол давуу эрх гэж ярих нь зүйтэй. Харин дотоод нислэг үйлддэг компанийн тоог дөрөв болгож нэмэхээр ажиллаж байна. Өнөөдөр намайг албаар харлуулсан, гүтгэсэн худал мэдээлэл түгээлээ. Зам тээврийн сайдаар томилогдсоныхоо дараа зарим авиа компаниудад давуу эрх олгосон гэсэн. Таван компани хоорондоо ойлголцоод ирвэл бүх томилгоог дэмжихэд бэлэн гэдгээ би илэрхийлсэн. Би “Чингис” бондоос 25.4 тэрбум, Хөгжлийн банкнаас 80.1 тэрбум, мөн тендерээс 63.9 тэрбум төгрөгийг эрх мэдлээ ашиглан, хууль зөрчиж аваагүй. Миний ах дүү нар төрөөс зээл авсан байсан ч надтай хамаатуулах хэрэггүй. Тэд чинь адилхан амьдрах гэж яваа хүмүүс. Хийж буй ажил нь надад огт хамаагүй. Намайг улс төрд орсноос хойш албаар харлуулах гэсэн зохион байгуулалттай ажлыг хийж байна. Дээрх асуудлаар намайг өмнө нь хуулийн байгууллага шалгаад, “Буруугүй” гэх хариугаа гаргаад өгчихсөн. “Хан төгөл” хотхоны хувьд миний хамаарал бүхий хэдэн нөхөд хуулийн хүрээнд барилга, орон сууц барьж буй нь үнэн. Үүнд бас хууль зөрчөөгүй гэдгээ хэлье” гэлээ.