Пүрэв, 9 сар 28, 2023

Цагдаагийн байгууллагаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй санал 5 удаа гаргажээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг  хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон хэдий ч тэдэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийж, дараах мэдээллийг өглөө.

Прокуророос “ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөх байгууллагын зүгээс 2022 оны тавдугаар сараас эхлэн нэр бүхий гурван хүнд холбогдсон хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг хүчингүй болгох саналыг прокурорын байгууллагад нийт таван удаа гаргасан. Прокуророос дөрвөн удаа хянаад мөрдөн шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэдэг үндсэн дээр НПГ-аас буцаасан. Харин энэ оны гуравдугаар сарын 15-нд мөрдөх байгууллагаас дахин энэ асуудлыг тавьсан. Өөрөөр хэлбэл, тус гурван хүнд холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох саналыг тав дахь удаагаа тавьсан. Прокурорын байгууллагаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт гэм буруутай нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй гэж үзсэн учир яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон” гэв.

Ташрамд, Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дагуу НПГ-ын хэрэгсэхгүй болгосон тогтоолыг заавал дээд шатны прокурорын байгууллагаас хянах зохицуулалттай. Одоо хянан шалгах ажиллагаа НПГ-т үргэлжилж байгаа бөгөөд үүний дараагаар хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулах ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН