Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гариг бүр “Өглөө бүр өөрийгөө ял” уриатай өглөөний уулзалт хийдэг уламжлал тогтоосон. Дөрөв дэх уулзалтаа өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт уул уурхайн салбарынхантай хийв. Ерөнхий сайд өмнө нь нүүр, амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нар, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын ажилтнуудтай өглөөний уулзалт хийгээд байгаа. Анзаараад байхад энэ зүгээр л уригдсан газар бүрдээ очоод байгаа биш харин тун ч бодлоготой уулзалтууд болоод байх шиг. Нэгдүгээрт, эрүүл монгол хүн байж улс орны аюулгүй байдал хангагдана. Түүнийг эхэнд нь тавьсан байна. Дагаад эмч, эмнэлгийн ажилтнуудтай холбоотой асуудлуудаар ажлын хэсэг байгуулж, анхаарал тавьж ажиллаж эхэлжээ. Хоёрдугаарт, хуулийн салбарыг анхаарсан байгаа юм. Энэ Монгол Улсын хөгжлийн тушаа болсон авлигатай тэмцэх, зэрэгцүүлээд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх зүйрлэбэл “рам зангидах”-ад хуульчдийн үүрэг, оролцоо их. Ингэхдээ салбарын эрдэмтэн, профессоруудыг онцгойлон чиглэж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Маш урт хугацаанд үргэлжлэх тэмцэл, ажил шүү дээ.
Гуравдугаарт, олон улсын байгууллагуудад ажилладаг монгол ажилтнуудтай уулзсан нь магадгүй олон асуудлын түгжээг тайлсан байх. Олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг Монгол Улсын хөгжилтэй хэрхэн уялдуулах, манай төр засгийн зүгээс ямар бодлого баримталж, юуг зорьж байгааг ойлгуулах замаар гадны зээл, тусламж, хөтөлбөрийг сааталгүй явуулах нь өнөөгийн нөхцөлд чухал байна. Үүнийг ч Ерөнхий сайд онцлон анхаарч байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Дөрөвдүгээрт, уул уурхайн салбарынхантай уулзаж багагүй асуудлуудад чиг гаргажээ. Ингэхдээ дан ганц уул уурхай хариуцсан төрийн байгууллагууд бус хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчдийг хамруулсан байна. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг энэ салбарын хэн бүхэн нэгэн цонхоор харж байх учиртай гэдэг талаасаа тун ч нарийн ширийн уулзалт болсон нь дамжиггүй. Тийм ч болох ёстой. Энэ бүхэн юуг илэрхийлж байна вэ гэвэл Ерөнхий сайдын хувьд албан өрөөнөөс зөвлөхүүдтэйгээ хамтарч шийдвэр гаргах бус гол чухал салбар бүрд ажиллаж буй төлөөлөл болгоны дуу хоолойг сонсож, нэг ёсондоо “вакум”-д оролгүйгээр ажиллах нөхцөлөө бүрдүүлж байна гэсэн үг. Дараагийн өглөөний уулзалт хаана болохыг харж л байя даа. Ингээд өнгөрсөн удаад уулзалт хийсэн үйл явдлын товч мэдээллүүдийг хүргэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
Эхний өглөөний уулзалт буюу өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд ЭМЯ-ны байранд болсон уулзалтад Эрүүл мэндийн сайд, НЭМГ-ын дарга, МШМХолбоо, МСЗөвлөл, НШЭНТөв, АШУҮИС, МУИС, ЭМДЕГ мөн төрийн болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн захирал, төлөөллүүд Монголын нүүр ам судлалын салбарын өнөөгийн байдал , цаашдын хөгжлийн боломжуудыг ярилцаж өглөөний уулзалт хийлээ. Уг уулзалтанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдын саналыг сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албан тушаалтнуудад шаардлагатай ажлын хэсэг байгуулж ажиллахаар үүрэг өгчээ.
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
Гуравдугаар сарын 20-нд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзсан юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа зэрэг Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулж, хуульч, эрдэмтэд, багш нарын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Уулзалтад оролцогчид их сургуулийн судалгааны ажилд зориулсан төсвийг олон улсын жишигт нийцүүлэн нэмэгдүүлэх, сургуулийн төсөв, төлбөрийн менежментийг шинэчлэх, Хууль зүйн сургуулийн байрны асуудал, эрүүгийн эрх зүйн салбарын хөгжил, суурь судалгаанд анхаарах, ШӨХТГ-ын ажлыг эрчимжүүлэх замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, Сүм, хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай зэрэг санал дэвшүүлэв.
Мөн Засгийн газрын тэргүүний манлайлан хэрэгжүүлж буй авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсоох, далд эдийн засгийг ил тод болгох, шударга ёсны төлөөх тэмцлийг бүх талаар дэмжинэ гэв. Ерөнхий сайд багш нарын санал, зөвлөмжийг сонсон ярилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш ажиллагаа” нь иргэдийн төрд итгэх итгэл, шударга ёсны мэдрэмжийг сэргээх зорилготой бөгөөд энэхүү үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, олон нийтийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг онцлоод дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэж буй сайн туршлага, оюутан залуусын хүсэл эрмэлзлийг тусгасан санал зөвлөмж Засгийн газрын үйл ажиллагаанд ихээхэн дэм болно гэдгийг хэллээ.
ОУБ-ЫН МОНГОЛ АЖИЛТНУУД
Гуравдугаар сарын 27-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын байгууллагын монгол ажилтнуудын төлөөлөлтэй ГХЯ-нд уулзалт хийсэн байдаг. Тус уулзалтад НҮБ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын валютын сан, ЖАЙКА, КОЙКА, ТИКА зэрэг олон улсын болон банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш агентлагт ажиллаж буй 60 гаруй монгол мэргэжилтэн оролцсон. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, түүний дотор “Шинэ сэргэлтийн бодлого”, гадаадын зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулж, олон улсын байгууллагуудтай хэрхэн уялдаатай ажиллах, цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр салбар хоорондын уялдааг хангах, хөгжлийн бодлогыг тууштай, тогтвортой хэрэгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, бодлогын зөвлөмж гаргах, түншлэлийг бэхжүүлэх зэрэг олон асуудлаар өргөн хүрээнд санал солилцсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Засгийн газартай нээлттэй зөвлөлдөн, хамтран ажиллахыг оролцогчдод уриаллаа.
УУЛ УУРХАЙН САЛБАР
“2023 оны сорилтуудыг даван туулах нь” сэдвийн хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй хийжээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь уулзалтын гол зорилго байлаа.