Баасан, 9 сар 29, 2023

Б.Дэлгэрсайхан Л.Оюун-Эрдэнийг хулхидаж, их наядын концесс авсан уу

-Хамгийн ноцтой нь БНХАУ-ын талаас Монголын Хангийн боомттой уулзах төмөр замын төслөө зогсоогоод байгаа аж. Одоогоор Хятадын төмөр замын сүлжээ Мандалын боомттой огт холбогдоогүй байна-

Монголын түүхий эдийн хоёр дахь том гарц хэмээн өргөмжлөх болсон Зүүнбаянгаас Хангийн боомт хүртэл төмөр барьж байгуулах концессын гэрээг ямар нэг сонгон шалгаруулалтгүй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компаниуд авсан. Монголын төмрийн хүдрийн гол нөөц баялгийг эзэмшдэг “Болдтөмөр ерөө гол” компанийн хамаарал бүхий компаниуд болох “Монголиантранс лайн”, “Монголиан транс ложистик” нар уг төмөр замыг ирэх есдүгээр сарын 1-н гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэж Засгийн газрын хуралдаанд танилцуулж, концессын гэрээг авсан байдаг. Гэвч Б.Дэлгэрсайхан болон Хятадын төрийн өмчит давамгай эзэмшилтэй “Болдтөмөр ерөө гол” компанийнхан Зүүнбаян-Ханги чиглэлийн 281 км төмөр замын концессын гэрээг Засгийн газартай байгуулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төдийгүй олон нийтийг төөрөгдүүлсэн байх магадлал өндөр байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын талаас “Болдтөмөр ерөө гол” компани хөрөнгө оруулагчидтай холбоотой луйвар, залилангийн асуудлаас шалтгаалан Ханги-Мандалын төмөр замын төсөлд төдийлөн итгэлтэй биш байгаагаа илэрхийлэх болсон байна. Хамгийн ноцтой нь БНХАУ-ын талаас Монголын Хангийн боомттой уулзах төмөр замын төслөө зогсоосон. Одоогоор Хятадын төмөр замын сүлжээ Мандалын боомттой огт холбогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүдийг оролцуулан 2022.03.11-нд сүр дуулиантай нээлт хийсэн төмөр замын төсөл есдүгээр сард ашиглалтад орох ямар ч боломжгүй гэнэ. Мөн санхүүжилтийн талаасаа маш ээдрээтэй байгааг эх сурвалжууд мэдээлж эхэлсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн “Алсын хараа-2050” хөтөлбөрт Зүүнбаян-Ханги боомт чиглэлийн 280 км төмөр замын төслийн нийт өртөг 2,860,000,000,000 буюу 2.8 их наяд төгрөг байхаар тооцож суулгасан байдаг. Концесс эзэмшигч компани анхан шатны хөрөнгө оруулалт 400 орчим сая ам.доллар шаардлагатай гэж мэдэгдсэн бол уг төмөр замын зураг төслийг боловсруулсан Хятадын төрийн өмчит “Төмөр замын XX товчоо корпорац” компани нэг км замын өртгийг 2.5 тэрбум төгрөг хэмээн гаргаж байжээ. Ямартай ч нийт өртөг болон стратегийн ач холбогдлоороо Зүүнбаян-Хангийн төмөр зам мега төслийн ангилалд багтаж байгаа. Тиймээс мега төсөл хэрэгжүүлэгч ямар нэг сонгон шалгаруулалтгүй сонгогдсон нь өөрөө том хардлага дагуулсаар байна.

Б.Дэлгэрсайханы Болдтөмөр ерөө гол компани Засгийн газрын нэрийг барьж, УБТЗ-ыг дарамтлах болсон

Улмаар Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” компани Засгийн газрын нэрийг барьж, Монгол, Оросын тэнцүү эзэмшилтэй УБТЗ-ыг дарамтлах болсон талаар эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. “Болдтөмөр ерөө гол” компанийн гүйцэтгэх захирал П.Чулуунхүү 2022.06.13-нд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостыхт “Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Дорноговь аймагт шинээр баригдаж буй Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг Засгийн газзартай хамтран концессын нөхцөлөөр “Монголиантранс логистик” хэрэгжүүлж байгаа. Дээрх төслийн санхүүжилтийг “Болдтөмөр ерөө гол” компани хариуцан ажиллаж байгаа билээ. Гэвч УБТЗ нь БНХАУ-ын Хөх хотын төмөр зам, Эрээн өртөө рүү хоногт дамжуулж байгаа галт тэрэгний тоо бага буюу 10 байгаатай холбоотойгоотой Монгол Улсын экспортлож байгаа ачааг зөв зохистой зохион байгуулах, тэр дундаа манай компанийн ачааг түлхүү гаргаж байгаа экспортын гарцыг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай ажлыг дэмж” хэмээн албан бичгээр дарамталсан байгаа юм. Мөн “Болдтөмөр ерөө гол” компанийн төмрийн хүдрийн төмрийн хүдрийн экспортыг дэмжих, хэрэв энэ талаар арга хэмжээ авахгүй Засгийн газарт хандана хэмээн албан бичиг явуулах болжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН