Пүрэв, 9 сар 28, 2023

МАН-ын бүлэг “гишүүний мөнгө”-ийг сэргээж, тус бүр 1 тэрбумыг халааслахаар тохирчээ

-Төсвөө батлуулж чадахгүйд хүрсэн Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн халаасанд мөнгө хийх арга сэдэв үү-

Засгийн газар, Сангийн сайд Б.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүдэд тал засаж, “гишүүний мөнгө”-ийг сэргээх тохиролцоонд хүрсэн байна. УИХ өнгөрсөн долоо хоногт ирэх 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр төсвөөс хасаад байсан “гишүүний мөнгө”-ийг сэргээх асуудлыг сэм шургуулаад амжжээ. Ирэх 2023 оны төсвийн жилд гишүүн тус бүрд 1 тэрбум, нийт 76 тэрбум төгрөгийн эрх олгохыг эрх баригч намын бүлгийн хурлаар дэмжсэн байна. Өдгөөгөөс жилийн өмнө 2022 оны төсвийг батлах үед Засгийн газар УИХ-ын гишүүн тус бүрээс 4 тэрбум төгрөгийн санал авч, хуваарилж байлаа. Тухайн үед олон нийт гишүүдийн халаасны мөнгө хэт зузаарлаа хэмээн хэсэг шуугиад, мартсан. Засгийн газар ч ирэх оны төсөвт “гишүүний мөнгө” гэж суулгаагүй гэдгээ зарлаж, хэмнэлтийн замаар шинэчлэлд хүрэх төсөв санаачиллаа хэмээн магтаж байсан нь ердөө сар хүрэхгүйн өмнө юм.  Тэгвэл хэмнэлт, шинэчлэл гэх мэт үгсээр гоёсон ирэх 2023 оны төсөв УИХ-ын гишүүдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Тухайлбал, ганцхан Хэнтий аймагт арваад аймгийнхаас өндөр санхүүжилт тавьсан юм. Үүгээр ч зогсохгүй Сангийн сайд Б.Жавхлан өөрийн тойрогтоо хэт анхаарсан зэрэг Монголын хүн амыг зөвхөн хэнд санал өгснөөс нь хамаарч ялгаварлан гадуурхсан асуудал гараад байгаа.

Түүх сөхвөл, татвар төлөгчдийн мөнгийг анх 2004 онд УИХ-ын гишүүдэд хуваарилж эхэлжээ. “Гишүүний мөнгө” гэх нэршил ингэж гарсан бөгөөд тухайн үедээ 10 саяас эхэлсэн. Улмаар 2006 онд 100 сая, 2007 онд 250 сая гэх мэтээр жил бүр төсөв батлах үед өссөөр 2019 онд 5 тэрбум төгрөгт хүрч, Ерөнхийлөгчөөс хүртэл эсэргүүцлээ илэрхийлж байсан түүхтэй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ 2019 оны төсвийг батлах үед “Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл ийм бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ. Маш олон жил давтагдаж буй сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна. 2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 10 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсжээ” хэмээн эсэргүүцэж, бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж байлаа.  Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгч өөрийнхөө төсвийг нэмэгдүүлснээр УИХ-ын төсөв батлах үйл явцыг таг дуугүй харж сууна.

Мөн Үндсэн хуулийн Цэцийн “гишүүний мөнгө” Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн 2007 оны тогтоол  өдгөө ч хүчин төгөлдөр байгаа. Тухайн тогтоолын агуулга нь Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр авлигадах ёсгүйг сануулсан байдаг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН