Гэхдээ нэг л үнэн бий. Тэр бол Д.Амарбаясгаланд Ерөнхий сайд болоод авах юмсан гэдэг бодол байгаа нь дамжиггүй. Энэ үйл явдал ирэх хавар болно гэж зарим улстөрчид ам алдсан ч сурагтай. Бас саяхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон нь ч ирэх хавар Ерөнхий сайд болох бэлтгэл, байрлалаа эзэлж байгаа явдал гэсэн таамаг хүчтэй байна. Зургаан жил намын гал тогоо барьж, хоёр удаагийн УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан, МАХН-ыг намдаа нэгтгэсэн, ХҮН-ыг эрх ашигтаа ажиллуулсан, АН-ын гомдогсдыг цуглуулж албан тушаалаар шагнан талдаа татсан зэрэг хийгээгүй юм байхгүй. Ийм байтал яахаараа нэг эрх нөхөр урдуур нь дайрчихсан чигээрээ яваад байх ёстой юм. Тийм биз дээ. Эргэн тойрныхон нь ч ингэж л бодож байгаа илт байна.
Тэгээд ч өнгөрсөн хоёр жил монголчуудын амьдрал амар байсангүй. Цар тахлын үеийн нас баралтын тоо, энэ далимаар шамшигдуулсан мөнгөний зарцуулалтыг 2024 оны эхэн дээрээс сануулахад л энэ Засгийн газартайгаа сонгуульд орвол МАН баларна. Орон даяар шүлхий тарсан, Дарханы зам удааширсан, олон улсад Оросын түрэмгийллийн талд байгаа гэж харагддаг болсон гэх мэтээр юу эсийг дурдаж барах билээ. Энэ бүхний буруутныг шийтгэх ёстой. МАН ер нь түүхэндээ жаахан үймээд ирэхээрээ нугалаа гаргасан хэсэг төөрөлдсөн хүнийг шийтгээд шинэ эрч хүчтэй баг гарч ирлээ гэсэн хуучин суртал ухуулгаа хийж амьдрахдаа мэргэшсэн организм. Л.Оюун-Эрдэнийн хувьд хоёр жил суусан бол хоёр жилийг нь Д.Амарбаясгаландаа өгөх ёстой. Шударга талаасаа ч тэр, нөхөрлөлөө бодсон ч ялгаагүй. Хариуд нь “Хэцүү бэрх цагийн Ерөнхий сайд байсан” гэх алдар үлдээгээд, хууль хяналтаар шалгуулахгүй орхих наймаа байж болох юм.
Хэрэв сайн дураараа буухгүй гэвэл Д.Амарбаясгаланд ямар хүч байхгүй гэх биш. Цагаан байшингаар дүүрэн л байна. Намынх нь Бага хуралд ч олонх нь байна. Хэвлэл мэдээлэлд ч намын мөнгийг олон жил хуваарилсан хүн. Дайраад л авчихна шүү дээ. Үүний ар дээр Хэрэг эрхлэх газрын даргадаа Ерөнхий сайдын албан тушаалаа алдаад хий л цухалдаж багтраад өнгөрсөн Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёрын л явдал давтагдана гэсэн үг. Хамгийн аймаар нь Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд, намын дарга боллоо гэхэд эсэргүүцэх хүн нам дотор нь бараг гарахгүй. Үнэн, худлыг мэдэхгүй юм. Гэхдээ нүүрс тээврийн бизнесээр дамжуулаад одоо нөлөөтэй байгаа олон хүнтэй түрийвч, эрх ашиг нь нэгдчихсэн гэх юм билээ. Шинэ танхимаа байгуулаад “Хуучин сайдуудаас давхар дээлтэй, туршлагатай хүмүүсийг үлдээж байна. Хахирган өвлийн (эсвэл хаврын) цагаар ширээ сандал зөөхгүй ээ” гэж мэдэгдэнэ гэдгээ амлахад л өнөөгийн УИХ-ын давхар дээлтэй олонхоос бүрдсэн Оюун-Эрдэнийн танхим “хөзрөн байшин” шиг л хийсчихнэ дээ.
Д.Амарбаясгаланг ирэх хавар гэхэд л Ерөнхий сайд болох дайралтаа хийнэ гэдэг яриа МАН дотор гарчихсан байгааг дахин сануулъя. Нэгдүгээрт, улстөржилт идэвхтэй хаврын тарчиг цаг зохимжтой. Утаа униараас эхлээд өвчин томуу хүртэл бүх асуудал шинээрээ байж байна. Хоёрдугаарт, түүнээс удаачихвал сонгууль тулгаж засгаа сольсон муу нэр зүүчихэж мэднэ. Харин энэ дайралтаа өөрөө бол хийхгүй байх. Ерөөсөө Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, дараагийн Ерөнхий сайд тодрох хүртэл тухайн Засгийн газарт ХЭГ-ын дарга байсан Ч.Сайханбилэгийг ороод ирнэ гэж тохиролцооноос гадуурх хүмүүс мэдээгүй л байсан ш дээ. Ийм л юм.