Баасан, 9 сар 29, 2023

Энэтхэг улсын ядуусын хороололд “Сүргийн дархлаа” үүссэнийг судалгааны үр дүн харууллаа

Энэтхэг улсын томоохон ядуусын хорооллуудын 10 оршин суугч тутмын зургаад нь коронавирусний эсрэг биет үүссэн болохыг саяхан хийсэн судалгааны дүн харуулжээ. Энэ нь дэлхий дахинд мэдэгдэж байгаа хамгийн том “Сүргийн дархлаа” тогтсон хүн амын бүлэг байж болзошгүйг судлаачид онцолсон аж. Мумбай хотын захын гурван том хорооллын оршин суугч 6936 хүнээс шинжилгээ авахад ийм үр дүн гарчээ. Энэтхэгийн Эпидемиологийн Үндэсний Хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх хорооны захирал Жаяапракаш Мули “Мумбайн ядуусын хороололд сүргийн дархлаа тогтсон байж болзошгүй байна. Хэрвээ Мумбай хотын иргэд аюулгүй газарт амьдрахыг хүсвэл ядуусын хорооллыг зорих нь зөв болжээ” гэж хэлжээ. Мумбай хотын Дахисар, Чембур, Матунга хорооллын оршин суугчдаас түүвэрлэн шинжилгээ авахад 57 орчим хувийнх нь цусанд коронавирусний эсрэг биет үүссэннийг тогтоосон байна.

Харин дөрөвдүгээр сард Нью Йорк хотод ийм судалгаа хийхэд 21.1 хувь, тавдугаар сард Стокгольм хотод хийхэд 14 хувьд нь эсрэг биет илэрч байжээ. Цар тахлын үед Швед улс сүргийн дархлаа тогтоох стратеги баримталсан ч хөл хорио тогтоосон хөрш орнуудаасаа илүү олон хүний амь золиосолж, шүүмжлүүлж байв. Харин олон хүн шавааралдаж амьдардаг, ихэнх оршин суугч нь нас залуу Мумбайн ядуусын хороололд сүргийн дархлаа амжилттай тогтсон нь анхаарал татаж буй юм. Нийт Энэтхэг даяар коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч ядуусын томоохон хорооллуудад эсрэгээрээ буурчээ. Тус улсын хамгийн том ядуусын хороолол Дхаравид нэг сая орчим хүн амьдардаг. Нэг километр хавтгай дөрвөлжин талбайд 277,136 хүн ноогдох нягтралтай. 10 хүрэхгүй метр квадрат талбайд найман хүн амьдрах нь ердийн үзэгдэл байдаг. Нэг жорлонг дунджаар 80 хүн хуваалцдаг байна. Гэсэн хэдий ч энэ хороололд сүүлийн сар орчим хугацаанд шинэ халдварын тоо огцом буурчээ. Үүний нэг шалтгаан нь “сүргийн дархлаа” байж болзошгүй гэж судлаачид дүгнэж байгаа юм.

Халдварт өвчин судлаачид тухайн хүн амын 60 хувь халдвар авсны дараа сүргийн дархлаа тогтдог гэж үздэг байна. Харьцуулбал Мумбай хотын орон сууцнуудын хороололд буюу халдвараас сэргийлэх боломжтой нөхцөлд амьдардаг хүн амын 16 хувьд эсрэг биет үүссэн байгааг сүүлийн судалгаагаар тогтоожээ гэж Bloomberg сайтад нийтэлжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

ШИНЭ МЭДЭЭ
ИХ УНШИГДСАН