Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаругийн эхнэр болон засгийн газрын нэг сайдаас коронавирусний халдвар илэрснийг өчигдөр буюу 2020 оны долдугаар сарын 30-ны пүрэв гарагт тус улсын Засгийн газраас мэдээлжээ. Бразил улсад Covid-19-ийн халдварын 2.5 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 90,000 хүн нас барсан юм.
Ерөнхийлөгч Жайр Болсонару өөрөө коронавирусний халдвар авч, хэдэн долоо хоног эмчлүүлээд эдгэрч, ажилдаа эргэн ороод буй. Гэвч үүнээс хэдхэн хоногийн дараа түүний эхнэр Мишелээс халдвар илэрчээ.
“Тэргүүн хатагтай Мишел Болсонару Covid-19 өвчний халдвар авсан нь Пүрэв гарагт тогтоогдлоо. Одоогоор түүний бие хэвийн байгаа ба журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авах болно” гэж Бразилын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Мөн өчигдөр өглөө тус улсын шинжлэх ухаан, технологийн яамны сайд Маркос Понтесын шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр Болсонаругийн засгийн газрын гишүүдээс коронавирусний халдвар авсан тав дахь хүн боллоо.