Залуучуудын уран гулгалтын дэлхийн аварга Екатерина Александровская амиа хорлосон байдалтай Москва хотоос олджээ. Эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн цогцсыг Москва хотод байрлах гэрийнхээ зургадугаар давхрын цонхноос унасан байсныг олсон гэнэ. Мөн Екатерина Александровская хүнд өвчнөөр оношлогдсоныхоо дараа амиа хорлох гэж оролдож байсан тухай эх сурвалж дурджээ. Тэрээр “Люблю” хэмээн цаасан дээр бичиж үлдээсэн аж. Тэрээр энэ оны хоёрдугаар сард татаж унадаг өвчтэй гэж оношлогдон, улмаар их спортоосоо зодог тайлсан. Түүний дасгалжуулагч Андрей Хекалогийн хэлснээр Екатерина Александровская үүнээсээ болоод сэтгэл санааны гүн хямралд орсон гэжээ.
2000 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Москва хотод мэндэлсэн, Екатерина Александровская 2016 он хүртэл Оросын тамирчин байсан бол Австрали улсын урилгыг хүлээн авч, 2016 оноос хойш тус улсын далбаан дор тэмцээн уралдаанд оролцож байсан. Тэрээр 2017 онд залуучуудын уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд Австралийн Харли Уиндсортой хослон түрүүлж, үүгээр ч зогсохгүй 2017 оны залуучуудын дэлхийн Гран При тэмцээнд мөн түрүүлсэн юм.