Сөүл хотын захирагч Пак Вон Суны цогцсыг олсон талаарх мэдээллийг бид хэдхэн цагийн өмнө хүргэсэн билээ. Тэрээр гэрээсээ гарахдаа нэгэн гэрээслэл үлдээсэн ба талийгаачийг таван цаг ор сураггүй болсон гэж охин нь Цагдаагийн байгууллагат дуудлага өгч, нийт долоон цаг эрэн хайсны эцэст цогцсыг Сөүл хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олжээ. Түүний үлдээсэн гэрээслэлийг нийтлэх зөвшөөрлийг ар гэрийнхнээс нь авсаны дагуу Сөүл хотын захирагчийн алба олон нийтэд ил болгосон байна.
Уг гэрээслэлд “Бүгдээс нь уучлалт гуйж байна. Миний амьдралын туршид надтай хамт байсан, эргэн тойрны бүх хүмүүстээ талархаж байна. Харин миний хамгийн хүнд цаг үеүдэд намайг орхилгүй надтай хамт байсан гэр бүлийнхнийхээ өмнө би үргэлж буруутай мэт санагддаг байсан. Намайг чандарлаад эцэг, эх хоёрын минь дэргэд оршуулж өгөхийг хүсье. Бүгдээрээ баяртай” гэж бичжээ.